• Ногоон зээл Монголд

    2018-12-25 345

    Лондон хот агаарын бохирдлоо бууруулсан 1950-иад оны туршлагын тухай бид бага сага сонссон. Өнөөдөр тэгвэл Лондон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд эрчимтэй урагшилж буй ажээ. Эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор  орон сууцны дулаалга, халаалт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн айл өрх, албан байгууллагуудад хөнгөлөлт, урамшуулал олгодог ногоон сан ажилладаг аж. Тухайлбал, салхины эх үүсгэврээр ажилладаг халаалтын технологи ашиглан гэр, сууцаа халааж буй айл өрхөд 3.390 паундын урамшуулал олгодог байна. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлттэй бойлуур шинээр суурилуулсан, цонх, шалаа дулаалсан айл өрхүүдэд хөнгөлөлт, урамшууллыг ногоон сангаас өгдөг ажээ. “Их-20”-д багтдаг  Их Британи үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн, хэрэглээ ч түүнийгээ дагаад талийсан улс учраас  байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлдэг. Энэ утгаараа ногоон сангуудын үйл ажиллагаа шинэ зүйл биш. Харин хөгжиж буй улс орнуудын хувьд  ногоон  зээлийн сан байгуулах нь  цоо шинэ зүйл.      Бангладеш, Колумб, Египет, Гондурас, Кени, Монгол, Морокко, Нигер, Филиппин, Тайланд гэсэн хөгжиж буй  улсууд ногоон зээлийн  үндэсний сантай болох асуудалд идэвх, санаачлагатай ажиллаж буй гэж НҮБ-ын тайланд өгүүлсэн байна. “Хөгжиж буй улс орнуудын хувьд санхүүгийн  систем эмзэг. Тиймээс  тогтвортой хөгжлийн асуудал туйлын чухал” гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхэйм хэлжээ. Харин Монголын банкны холбооны ерөнхийлөгч Орхон “Бид ТоС хөтөлбөрийг дараагийн түвшинд гаргахын тулд ногоон зээлийн санг байгуулахаар ажиллаж байна” хэмээн “Монгол Улсын тогтвортой санхүүжилт-2016” форумын үеэр өгүүлсэн.Тогтвортой хөгжихөд тогтвортой санхүүжилт шаардагдана гэсэн зарчмаар  банкууд хамтран ажиллаад гурван жил болж байна.

    Монгол Улсын хувьд 2017 он “ногоон” тодотголтой санхүүжилтийн үйл ажиллагаанд эргэлтийн гэмээр он тохиож байна. Байгаль орчинд  ээлтэй,  нийгэмд өгөөжтэй  үйлдвэрлэл хэрэглээг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр  санхүүжүүлэх үйл явц энэ онд бодит утгаараа амьдралд “ногоон санхүүжилт” хэмээх тодотгол дор хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Монгол дахь  үндэсний  ногоон зээлийн тогтолцооны эхлэл банкууд хамтран 2013 оноос  ТоС буюу Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийг эхлүүлсэн үйл явцаас эхлэлтэй.  Энэ хөтөлбөр явсаар  Ногоон зээлийн үндэсний сан байгуулах төвшинд хүрчээ. ТоС хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд  банкууд   тогтвортой санхүүжилтийн бодлого, журмаа гаргаж,  хариуцсан бүтэц орон тоотой болсон гэнэ.   Нийгмийн шинжтэй хөтөлбөр буюу санхүүгийн хүртээмжийг хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн бусад эмзэг бүлэгт үзүүлэх ажлуудыг ч эхлүүлжээ. Ийм  сан байгуулах үйл явц зөвхөн банкуудын  асуудал биш. Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгүүдэд туссаны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэл дор ногоон зээлийн үндэсний тогтолцоо бий болох юм. Уг сан энэ онд байгуулагдана.       Ногоон зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг Монголд анх удаа Монголын банкны холбооны захиалгаар “Эм Эм Си Жи” ХХК хийж, Монголд ногоон зээлийн эрэлт хангалттай их байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Байгаль орчны бус үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн 35, харин байгаль орчны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн 80 хувьд ногоон хөрөнгө оруулалтын хэрэгцээ байгаа нь судалгааны дүнгээр гарчээ.  Хэрэгцээ бол эрэлт. Аж ахуйн нэгжүүд дунджаар жилийн 6.2, сарын 0.5 хувийн хүүтэй 7-8 жилийн хугацаатай ногоон зээл авах хүсэлтэйгээ ч илэрхийлсэн байна. Мэдээж  эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, байгалийн бохирдол доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, нөөцийг хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх  үйл хэргийг санхүүжүүлэх нь ногоон сангийн зээлийн эрхэм зорилго. Ногоон зээлийн сангийн эх үүсвэрийг  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Ногоон сан, НҮБ, АХБ, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Германы хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр бүрдүүлэх боломжтой аж. Агаарын бохирдлыг бууруулах бодлого хэлэлцэх нэгэн хурлын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Орлого багатай ядуу иргэддээ зориулсан ногоон зээлийн санг бий болгох  чиглэлээр банкуудтай ярьж санхүүжилтийн   эх үүсвэрүүдийг хайж байна” гэжээ. Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан төрөл бүрийн технологийн халаагуурыг зээлээр авах нөхцөл бүрдүүлэхээр банкуудтай хамтарч буй шийдлийн тухай ярианыхаа араас салбарын сайд дээрх үгийг хэлсэн. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд өгч буй Лондонгийн урамшуулалтай төстэй санаа.

    Ногоон зээлийн үндэсний тогтолцоог дэмжихүйц гэж хэлж болох   өөр нэг ногоон  зээлийн урсгал бол Уур амьсгалын ногоон сангаас орж ирэх  төслийн зээлүүд. Уг сангийн үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар ХАС  банк шалгарсан ба БОАЖЯ-ны бодлогын хоёр ч төсөл  түрүүчээсээ дэмжигдээд байна. “Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их  хамаатай учраас эрчим хүч, хог хаягдал, хөдөө аж ахуйн салбаруудад хэрэгжүүлэх төслүүдэд ХАС банкаар дамжуулан зээл олгоно” гэж НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал хэлэв . Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон байгальд ээлтэй төсөлд дэмжлэг үзүүлэх   жижиг, дунд үйлдвэрийн зээлийн 50 орчим хувийг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд олгох зарчимтай аж. Энэ мэтчилэн нийгмийн үзүүлэлтүүд нь аль ч ногоон зээлийн үндсэн нэг зарчим. Мөн Монголд анх удаа үндэсний тогтолцоо болж байгуулагдах Ногоон сан, Уур амьсгалын ногоон сангийн зээл хоёр байгальд ээлтэй ба нийгэмд өгөөжтэй гэдгээрээ ижил агуулгатай. Мөн түүнчлэн ноён Эрик Солхэймийн хэлсэнчлэн  улс орныхоо үнэт зүйл, тогтвортой хөгжлийг дэмжих хүсэл эрмэлзэл дээр хөрөнгө нь босч, үр ашгаа өгдөгөөрөө Ногоон зээлийн сан ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар ганц нэг хөтөлбөр, төслийн хэмжээнд ногоон шинж чанар бүхий зээл олгодгийг эс тооцвол грийн санхүүжилт цоо шинэ зүйл.

    Түрүүнд хэлсэнчлэн 2017 он Монголын хувьд ногоон санхүүжилтийн  эргэлтийн жил. Гагцхүү аж ахуйн нэгж, иргэд маань ногооныг судалж, ногоонд суралцах шаардлага тавигдаж байна.

     

     

     

     

     

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК