• Мал өсөх тусам бэлчээр цөлжсөөр

    2020-01-31 299

    Монгол орны хүлэмжийн хийн ялгарал малын тоо толгойноос шууд хамаарч тогтмол өсөх хандлагатай байгааг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын холбогдох тайланд  өгүүлсэн байдаг.                               

    Нийт газар нутгийн 70 хувь буюу 110 сая га газрыг малын бэлчээрт ашигладаг манай улсад бэлчээрээ зүй зохистой ашиглах эсэхээс газар нутаг цөлжих үгүй нь хамаарч байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хүрээнд хамгийн сүүлийн судалгааны тайланд нийт бэлчээрийн 65 хувь нь талхлагдалд өртсөн, 100 мянган га нь цөл болсон гэжээ.

    Бэлчээр талхлагдахад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь малын тоо толгой, удаад нь экологийн чадавх орж байна. Энэ үйл явц сүүлийн 30 жилийн дотор, мал өссөнтэй холбоотой маш хурдацтай өрнөсөн болох нь судалгаагаар гарчээ. Мөн монгол орны одоо байгаа бэлчээр нутаг таван хошуу малаар 25 орчим сая, хонин толгойгоор 50 сая орчим толгой мал тэжээх чадвартай нь тогтоогдсон байна. Гэтэл 2019 оны байдлаар манай улсын малын тоо 70  сая давж, хонин толгойгоор 110 саяд хүрсэн.

    2015 онд  нийт бэлчээрийн 7 хувь нь өөрөө дахин сэргэж чадахааргүй болтлоо  талхлагдсан байсан бол гурван жилийн дотор хоёр дахин өсч,  2018 оны байдлаар 100 мянган га газар талхлагдаж цөл болсныг Швейцарийн  Хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн Ц.Энх-Амгалан мэдэгдлээ.

    Манайхтай төстэй, тал хээр газар нутаг ихтэй, түүнийгээ малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг Америк, Австрали, Испани, Казахстан зэрэг улс орон экологийн системээ судалж, зүй зохистой ашиглах тал дээр анхаарч эхлээд байна.

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК