• Доктор Ш.Мөнхцэрэн: Таны зөв үйлдэл болгон Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр

    2020-02-06 195

    Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбооноос сэтгүүлчдийн дунд тогтмол зохион байгуулдаг “Тогтвортой хөгжлөөр ярилцъя” сэдэвт ээлжит уулзалт өчигдөр боллоо. Энэ удаагийн уулзалтад судлаач, доктор Ш.Мөнхцэрэн “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгч, ярилцлаа.

    Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-г Засгийн газраас боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттойгоор 2050 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжих юм. Гол агуулга нь “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” алсын харааг дэвшүүлсэн.

    Энэ тухай судлаач, доктор Ш.Мөнхцэрэнгийн сэтгүүлчидтэй уулзахдаа ярьсан ярилцлагыг хүргэж байна.

    -Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэхээр шинээр боловсруулсан “Алсын хараа 2050” баримт бичгийн талаар яриагаа эхэлье?

    Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг уялдуулж, хэрэгжүүлж байхдаа бодлогуудынхаа уялдааг хангах ажлыг зохион байгуулсан. Эцсийн дүгнэлт нь манай улсын бодлогууд хоорондоо уялдаагүй юм байна гэж үзсэн. Ингээд шинэчлэн сайжруулах ажлыг эхлүүлж, “Алсын хараа 2050” баримт бичгийг боловсруулсан. Төслийг УИХ, Засгийн газарт өргөн барьсан байгаа. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 баримт бичгийг УИХ-аас 2015 онд батлахдаа 17 зорилгын хүрээнд эдийн засаг, нийгэм, байгаль орчин, засаглал гээд дөрвөн тэргүүлэх чиглэлийн хүрээнд тодорхойлсон. Үүнийг Алсын хараа 2050 дээр нэлээн өргөжүүлж, есөн асуудлыг гаргаж ирсэн.

    Юуны өмнө Үндэсний нэгдмэл, үнэт зүйлийг дэвшүүлсэн. Монгол хүний эх оронч, үндэсний үзэл юу юм бэ гэдгийг гаргаж тавих цаг нь болсон гэж үзсэн. Мэдээж хүний хөгжлийн асуудал байна. Үүнтэй уялдаад амьдралын чанар, дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Эдийн засаг зайлшгүй орно. Сайн засаглал,  ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм гэх мэт. Аюулгүй нийгэм гэдгийн цаана хүний аюулгүй байдлыг бүх талаар хангах асуудлыг оруулж өгч байгаа. Мөн бүсчилсэн хөгжлийн асуудал байна. Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн зорилгыг дэвшүүлж, үзэл баримтлалаа баталсан. Үндсэндээ хэрэгжээд дуусч байгаатай холбоотойгоор бүсчилсэн хөгжлөө шинэчлэх ажил хийгдсэн. Өмнө нь нийслэлтэй нийлээд таван бүсэд хөгжлийн асуудлыг дэвшүүлж байсан бол одоо зургаан бүсэд хөгжлийн асуудлыг авч үзэх нь зүйтэй юм байна гэж үзсэн.

    Түүнчлэн Улаанбаатар ба дагуул хотын асуудлыг мөн тусгасан. Хүн амын 50 хувь нь нийслэлд төвлөрсөн. Тиймээс Улаанбаатар хотыг цааш тэлэх үү эсвэл энэ төвшиндөө бариад бусад бүсээ хөгжүүлэх үү гэдэг нь тулгамдсан асуудал болсон.

    Улаанбаатарын төвлөрөл гэдэг нь хөдөөгөө орхигдуулсан жигд бус хөгжлийн үр дүн учраас үүнийг яаж задлах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Үүнтэй уялдаад дагуул хотыг бий болгох тухай асуудал гарч ирсэн.

    Энэ мэт есөн асуудал дээр авч үзсэн учраас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал үндсэндээ “Алсын хараа 2050”-д бүрэн дүүрэн шингэсэн. Алсын хараагаа гаргачихаад түүнийгээ дунд хугацааны бодлогуудаар хэрэгжүүлнэ.

    Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд,

    • Нэгдүгээрт, бодлогынхоо уялдааг хангах асуудлыг авч үзлээ.
    • Хоёрдугаарт, шалгуур үзүүлэлтүүдээ боловсронгуй болгох талд одоо ч ажиллаж, хэрэгжүүлж байна.
    • Гуравдугаарт, хэрэгжилтийнхээ тайланг хоёр жил тутамд УИХ-д танилцуулж байх үүрэгтэй. Өнгөрсөн долоон сард эхний тайлангаа гаргаж сайн дурын илтгэлээ НҮБ-д танилцуулсан.

    Орон нутагт яаж хэрэгжүүлэх вэ?

    -Орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ ажилд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн байгууллага маш их дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа.

    Улаанбаатар хот өнөөдрийн ИТХ-аараа хөгжлийн хэтийн зорилтоо тодорхойлох асуудлыг хэлэлцэж байгаа. Удахгүй батлах байх. Сүхбаатар, Орхон, Увс аймаг ИТХ-аараа баталсан. Үүнийгээ орон нутагтаа нутагшуулах ажил явагдаж байгаа. ТББ-ууд санаачлагаараа нэгдэж, өөрсдөө сайн дурын илтгэлээ гаргаад явж байна. Иргэдийн оролцоог хангах асуудал маш чухал. Өөрөөр хэлбэл, манай орон нутагт энэ асуудлыг яаж авч үзэв, үүнд миний оролцоо юу байна вэ гэдэг хандлагыг бий болгох нь чухал юм.

    -Тогтвортой хөгжлийн талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Бодлогод тусгасан том, том зүйлсийг ярихаас илүүтэй хогоо ангилж хаях, усаа хэмнэх гэх мэт энгийн зүйлсийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь тогтвортой хөгжилд оруулж буй хувь хүний үүрэг гэдгийг ойлгуулах нь хамгийн чухал байна л даа?

    -Иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхийн тулд бүхий л хэлбэрийн нөлөөллийн ажлыг хийх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал, өөрсдийнх нь оролцоог хангасан сургалт гэх мэт. Хамгийн түрүүнд орон нутгийн удирдлага, дунд төвшинд ажиллаж байгаа удирдах албаны хүмүүсийн ойлголтыг жигдлэх шаардлагатай гэж харж байгаа. Бүх салбар, бүх хүн хамаарах учир хэн нэгэн орхигдох тухай асуудал байхгүй.Тогтвортой хөгжлийн зорилго нь хэнийг ч бүү орхигдуул, ямар ч газрын бүү үлдээ гэж байгаа шүү дээ. Таны хийж байгаа зөв үйлдэл болгон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилгыг хангахад оруулж байгаа хувь нэмэр шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Тиймээс хүүхэд байх үеэс нь зөв дадал, хандлагыг бий болгох мэдлэг ойлголтыг өгөх нь чухал.

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК