• ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЯАРАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЛӨӨ

    2020-02-11 204

    МАНИЛА/Asian Development Bank Blog/. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг хэрэгжүүлэх сүүлийн 10 жил эхэллээ. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар гарсан ахиц дэвшлийг харгалзан үзэхэд Ази, Номхон далайн бүс нутаг 2030 он гэхэд тус хөтөлбөрийн 17 зорилгын алийг нь ч амжилттай хэрэгжүүлж чадахааргүй байна. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд тус бүс нутагт ядуурлыг устгах, чанартай боловсролыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зэрэг зорилгын хэрэгжилтэд  ахиц дэвшил гарч байгаа ч 2030 он гэхэд бүх зорилгод хүрэхэд хэтэрхий удаан байна” гэж НҮБ үзжээ.

    Ази, Номхон далайн бүс нутагт хагас тэрбум орчим хүн (479 сая) хоол хүнсний дутагдалд орсон хэвээр байна. НҮБ-аас гаргасан тайлангаас үзэхэд өлсгөлөнг зогсоох зорилгод хүрэхийн тулд 2030 оны 12 дугаар сар хүртэл сар тутамд хамгийн багадаа 3 сая гаруй хүнийг өлсгөлөнгөөс гаргах шаардлагатай. Гэвч тус бүс нутагт тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэх үйл явцын тэн хагасаас илүү хувь нь зогсонги байдалд орох юм уу буруу чиглэлд хэрэгжиж байна. 

    АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны эхний хэлэлцээр амжилттай хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа, Энэтхэг улс Бүс нутгийн хамтын ажиллагаа ба эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс гарсан зэргээс үүдэн тус бүс нутагт эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа юм. Эдгээр нь дээрх асуудлыг улам даамжрахад хүргэж байна гэж НҮБ үзэж байна.

    Азийн хөгжлийн банк /АХБ/ Ази, Номхон далайн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 5.5 хувиар өснө хэмээн өнгөрсөн оны есдүгээр сард урьдчилан таамаглаж байсан хэдий ч 2020 он гарахаас өмнө энэ үзүүлэлтээ бууруулж, 5.2 хувь болгожээ.  Харин инфляцын түвшинг энэ онд 3.1 хувьд хүрнэ гэж тооцоод байна.

    Зүүн Өмнөд Азийн олон оронд экспорт буурч, хөрөнгө оруулалтын хэмжээ багассаныг  АХБ-ны эдийн засгийн шинжээчид тогтоогоод байгаа юм.

    Зүүн Азийн орнуудад худалдааны маргаан тэргүүтэй асуудлуудын улмаас эдийн засгийн өсөлтийн төвшин урьдчилан таамагласнаас доогуур байх төлөвтэй. Гахайн махны үнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн нь иргэдэд хүндээр тусаж байгаа аж. Үүнээс гадна Энэтхэгт ажлын байр хомсдож, ургац муудсны улмаас хүмүүсийн худалдан авах чадвар буурчээ.

    Бүс нутагт үүсээд буй үнэ нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг асуудал нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхэд саад учруулж байна гэж Азийн хөгжлийн банкны шинжээчид үзэж байна.

    Ази, Номхон далайн бүс нутагт үүссэн энэхүү нөхцөл байдлыг залруулахын тулд 2020 онд юу хийж болох вэ?

    Үүний тулд улс орнуудын Засгийн газар тогтвортой байж, макро эдийн засгийн бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгыг  хэрэгжүүлэхэд зориулан хөрөнгө төсөвлөх, яамдын хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчид, хэрэглэгчид, төрийн бус байгууллагууд, олон улсын хандивлагч байгууллагуудад хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь зүйтэй гэжээ.

    “Brookings” хүрээлэнгийн судлаач Хоми Харас, Жон МакАртур нар тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд хэрэгцээ, зарцуулалт, санхүүжилт хэрхэн нөлөөлөх талаар судлаад  тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд зориулж буй хөрөнгийг Засгийн газрын санхүүгийн бүртгэл, тайланд тусгаж, тогтвортой, нэгдсэн санхүүгийн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

    Мөн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэх олон улсын санхүүгийн тогтолцоог бий болгох, зорилгын хэрэгжилтэд түлхэц болохын тулд олон улсын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах шаардлагатай гэж зөвлөжээ.

    Ази, Номхон далайн бүс нутаг 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилгууддаа хүрэхийн тулд олон өөрчлөлтийг яаралтай хийх нь зүйтэй юм. Цаг үедээ тохирсон арга хэмжээ авч хэрэгжүүлж чадах эсэхээс олон зуун сая хүний сайн сайхан аж байдал, амьжиргаа, аюулгүй байдал хамаарна гэж Азийн хөгжлийн банкны блогт нийтэлсэн байна.

    Эх сурвалж:  https://blogs.adb.org/blog/heres-how-we-can-give-boost-sdgs-asia-and-pacific

     

     

     

     

     

     

     

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК