• Байгаль дэлхий,хүний эрүүл мэнд бие биетэйгээ холбоотой учраас цар тахал цаашид ч гарна

    2020-03-25 184

    Хэрвээ бид байгаль дэлхийн доройтол болон халдварт өвчлөлийн хоорондын холбоо хамаарлыг үл ойшоосон хэвээр байх юм бол цаашид ч коронавирус шиг цар тахал хүн төрөлхтөнд заналхийлсэн хэвээр байх болно гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

    National Geographic-ийн гишүүн, далайн экологич, доктор Энриз Сала “Хэрвээ бид ирээдүйд онгон байгалиа сүйтгэж,ой модоо огтолж, амьтдаа цөөлсөөр байх юм бол энэ төрлийн өвчлөл хүн төрөлхтөнөөс салахгүй нь тодорхой. Экосистем нь өөрөө маш олон янзын зэрлэг амьтан, ургамал, бактерийг агуулж байдаг. Тэдгээр биологийн олон янз байдал нь төрөл бүрийн онцгой вирусын тээгч нь байдаг. Бид оршин суух газар эсвэл уул уурхайн компани  байгуулахаар ой модыг огтолж, зэрлэг амьтдыг устгаж байгаа нь бид өөрсдөө тэдгээр вирусыг тараах, тусах эрсдэлээ нэмэгдүүлдэг” хэмээжээ.

    Жишээ нь, халуун орны нэг ойг устгахад тэнд байсан вирус байсан газраа үлддэггүй,харин агаарт тархаж, оршин тогтнож болох шинэ гэр хайдаг. Улмаар шинэ вирус орогнох шинэ гэрээрээ хүн төрөлхтнийг сонгох боломж нээгддэг гэсэн үг.

    Харвардын Хүрээлэн буй орчны Эрүүл мэндийн танхимын ахлах судлаач, доктор Самуэл Мэйрс “Зэрлэг амьтдын нутаг дэвсгэрт нэвтрэх нь биднийг зэрлэг амьтдын популяцитай улам ойртуулдаг.

    Өмнө нь дэлхийд ДОХ, Эбола, Зика, SARS, MERS зэрэг зоонозын өвчлөлүүд тархсан. ДОХ болон Эболагийн гарал үүслийг авч үзвэл тэдгээр нь хоёулаа халуун орны ой модны зэрлэг амьтдын махыг хүнсэндээ хэрэглэсэнтэй холбоотойгоор анх дэгдсэн. Харин БНХАУ-д дэгдсэн SARS болон MERS-ийн хувьд төрөл бүрийн амьтныг амьдаар нь худалддаг “нойтон зах”-аас голомтлон тархаж эхэлсэн гэдэг ” гэжээ.

    Энэ удаагийн шинэ коронавирус нь мөн адил Хятадын Ухань хотын нойтон зах дээрээс амьтнаас хүнд халдварласан гэж эрдэмтэд үзэж байгаа билээ. Уханийн нойтон зах буюу Wet market дээр хүмүүс, үхсэн амьтад-нохой, тахиа, могой,суусар гээд бүгд нэг дор маш ойрхон байдаг. Ингэж ойр байх нь вирусийг амьтнаас хүнд халдварлахад маш амархан болгодог байна.

    “Энэ бол хүний экологийн ул мөр болон даяаршлын хослол юм. Нэгэнт эмгэг төрүүлэгч буюу патоген амьтнаас хүнд халдварлавал, дэлхий даяар маш хурдан тархах боломжтой.

    Зэрлэг амьтдыг агнах, ахуйн хэрэглээндээ хэрэглэх талаарх хууль дүрэм болоод боловсрол нь дээрх эрсдэлийг бууруулахад чухал үүрэгтэй. Засгийн газрууд зэрлэг амьтны ан, худалдаа арилжааг хориглох эсвэл ямар нэгэн байдлаар зохицуулах, байгаль дэлхийг хамгаалах хууль дүрмийг гаргахад чухал үүрэгтэй. Дэлхий 10 тэрбум хүнд хүрэхээр хангалттай хоол хүнс үйлдвэрлэж байгаа боловч бид аль хэдийнэ гуравны нэгийг нь дуусгачихсан.

    Өвчлөл тархахад таатай орчин бүрдүүлэхэд хүргэдэг учраас уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг ч тэмцэх шаардлагатай. Кенийн өндөрлөг газарт өмнө нь халуун орны хумхаа өвчин тэр болгон дэгддэггүй байсан бол одоо олонтаа гарах болсон дэлхий дулаарах болсны баталгаа юм.

    Биологийн олон янз байдал алдагдаж, хүн амын өсөлт нэмэгдэж, хүнсний эх үүсвэр хайсаар байгаа үед бид дараагийн цар тахал хэзээ ирэх бол гэдэг асуултыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

    Коронавирусыг ялан дийлснийхээ дараа бид таван минут баяраа тэмдэглэж болох ч түүний дараа дараагийн цар тахалдаа бэлтгэх ёстой.

    Хүний болон байгаль дэлхийн эрүүл мэнд бие биетэйгээ холбоотой. Тухайн хүний амьдарч буй экосистем нь эрүүл биш байвал тэр хүн ч мөн адил эрүүл байх боломжгүй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гарсан цар тахлууд нь үүний баталгаа юм” гэжээ.

    Эх сурвалж:https://www.independent.co.uk/

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК