• Иргэд нь үүрэг хүлээж оролцсон цагт мод ургана

    2020-04-21 283

    Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо жил бүрийн тавдугаар сард болдог “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан “Мод таръя, тарьснаа арчилж, ургуулъя” уриалгыг дэвшүүлж, мод тарьж, ургуулахтай холбоотой арга техник болоод гэр хорооллын гудамжийг моджуулж, цэцэрлэгжүүлэх ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж буй туршлагаас хуваалцсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Дархан-Уул аймагт  гэр хорооллын 80 гаруй өрхийг хамруулан хэд хэдэн гудамжийг моджуулж, цэцэрлэгжүүлсэн “Шинэ хашаа” төслийн санаачлагч, “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат, МБОИЗ-ийн гишүүн байгууллага Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн, ойн аж ахуйн инженер, докторант Р.Баянбилиг нар оролцож мэдээлэл өглөө.

    “Иргэд нь үүрэг хүлээж, оролцсон цагт гэр хороололд мод ургана”

    “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат өөрийн санаачилсан “Шинэ гудамж” төслийг танилцуулахдаа үүнийг онцоллоо.

    Тэрээр Дархан хотын гэр хорооллын 80 гаруй өрхийг хамруулан гурван гудамжийг иргэдийн өөрсдийнх нь оролцоотой цэцэрлэгжүүлж, моджуулжээ.

    “300 метр урттай эхний гудамжийг  бид иргэдийн өөрсдийн хөрөнгөөр гурван жилийн турш моджуулсан. Гудамжны хоёр талын айлууд хашаагаа татаж тэгшилснээр 5 метр өргөн чөлөө 12 метр болж хашааны гадна талаар мод тарих боломжтой болсон. Хайс хашаагаа ч өөрсдийн мөнгө, хүчээр барьсан. Ингэж гудамжаа моджуулах ажилд нэг айлаас 150-200 мянган төгрөг зарцуулсан. Нийт 1000 орчим мод ургаж байна. Айл бүр өөр өөрийн өмнөх мод, талбайгаа өмчилж авсан учраас усалгаа арчилгаагаа өөрсдөө хийдэг. Аливаа юмны эзэн нь тодорхой байвал хөгждөг. Цаашдаа Монгол орны бүх гудамж ийм болоосой” гэсэн юм.  Гэр хорооллыг цэцэрлэгжүүлэх “Шинэ гудамж” төслөө судалж хэрэгжүүлж эхэлснээс хойш найман жил болж байгаа юм байна. Одоо 850 метр урттай гудамжийг  тохижуулж дуусах шатандаа оржээ. Ихэнхдээ сайн ургахыг нь тооцож агч мод тарьдаг ажээ.

    “Модны хялгасан үндэсийг тайрч, унагааж болохгүй”

    Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн, ойн аж ахуйн инженер Р.Баянбилиг “Сүүлийн үед хашаандаа мод тарих сонирхолтой иргэд, айл өрх олон болж байна. Тэд модоо хаана, яаж тарих вэ гэж их асуух юм. Гэтэл энэ талын мэдээлэл, зөвлөмж дутмаг байгаа нь анзаарагддаг. Болдог бол бол хороо бүр байгаль орчны мэргэжилтэнтэй байх сан” гээд модоо хэрхэн сонгож яаж тарих, арчлах талаар зөвлөгөө өгсөн юм. Тэрээр 2009 оноос хойш цэцэрлэгжүүлэлт, моджуулалтын чиглэлээр ажиллаж байгаа юм байна.
    “Юун түрүүн ямар зорилгоор, хаана мод тарих гэж байгаагаа мэдэх хэрэгтэй. Зарим нь нарнаас хамгаалъя гэж байхад зарим нь жимс хураая, эсвэл талбайгаа гоёж чимэглэе  гэдэг.

    Хашааны 0.07 га газарт таван үхрийн нүд, хэдэн чацаргана, урт настай нэг шилмүүст мод, 3-4 сайхан дундаж өндөртэй мод байхад тохирдог.

    Үүнээс илүү бол ихэднэ. Хашаандаа яаж байрлуулах нь мөн чухал” гэж байлаа. Түүний мод тарьж ургуулахтай холбоотой зөвөлгөөг Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо өөрийн цахим хуудсаар цувралаар хүргэнэ.

    Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо 

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК