• Мод тарих нь чухал ч тарьснаа арчилж ургуулах нь бүр чухал

    2020-04-23 161

    Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо жил бүрийн тавдугаар сард болдог “Үндэсний мод тарих өдөр”ийг угтан  “Мод таръя, тарьснаа арчилж, ургуулъя” уриалгыг дэвшүүлж, энэ чиглэлд зарим ажлаа эхлээд байна. Covid 19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон энэ нөхцөлд айл өрх, хувь хүн, албан байгууллага өөрийн талбай, хашаа хороогоо цөөн хүчээр тохижуулах, мод тарих, цэцэрлэгжүүлэх ажлыг хийж бололцоотой юм.

    Манай улс мод тарих үндэсний аяныг 2010 оноос хойш санаачлан улс орон даяар хэрэгжүүлж ирснээр иргэдийн зан үйл, дадал хандлагад томоохон өөрчлөлтийг бий болж буй.  Харин цаашид үр дүнг улам сайжруулахын тулд тарьсан модоо арчилж ургуулах, үр дүнг нь тооцох, нэхэх, сурталчлах, гэр хорооллын айл өрхийг татан оролцуулах, гэр хорооллын орчныг моджуулж ногооруулах ажлыг нэгдсэн бодлогоор дэмжих, мэдээлэл, арга зүйгээр хангах ажил үгүйлэгдэж байна гэж манай холбоо үзэж байгаа юм. Хэрэв цаашид эдгээр асуудлыг анхаарахгүй бол үндэсний мод тарих аян хэлбэр төдий болж, иргэдийн оролцоо, сонирхол, итгэл үнэмшил буурч болзошгүй байна. Нөгөө талд мод тарих ажилд сэтгэлийн хөөрлөөр бус шинжлэх ухааны үндэстэй хандах нь үр дүнд шууд нөлөөлөх ба эс бөгөөс “мод тариад ургах биш” гэсэн хандлага ялангуяа гэр хорооллын дунд бий болох талтай.

    НҮБ-аас батлан хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн зорилго”–д хүн төрөлхтөн ядуурал, өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, хүний эрхийг дээдлэн эрх тэгш байдлыг хангана, эх дэлхийнхээ байгалийн нөөц, уур амьсгалыг хойч үеийнхээ төлөө хамгаална, элбэг дэлбэг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарна гэсэн чин эрмэлзэл бүхий 17 зорилго дэвшүүлсэн байдаг. Энэ бүхний суурь нь цэвэр ус, цэнгэг агаар, ногоон орчны эх үүсвэр буюу тэдгээрийг бүрдүүлэгч мод, ой юм.

    2019 онд нийтлэгдсэн НҮБ-ын тайланд “биологийн олон янз байдал урьд өмнө байгаагүй хурдтайгаар устаж, дэлхийн аль ч газрын хүмүүсийн амьдралд маш ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны гээд олон талын ач холбогдолтой ой модны сан сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтон, хомстож байгаа нь ядуурлын нэг шалтгаан болж буй”-г өгүүлээд өнөө болон ирээдүйн ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ТӨЛӨӨ ШИРХЭГ МОД БҮРИЙГ, түүнийг хүрээлэн буй АМЬД АМЬТАН, УРГАМАЛ БҮХНИЙГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ ҮЙЛСЭД НЭГДЭХИЙГ 2020 оны гуравдугаар сард уриалсан юм.

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК